Дэлхийн гаалийн байгууллагын шинэчлэлийн талаар ази, номхон далайн бүс нутгийн гаалийн байгууллагын төлөөлөгчид цахим зөвлөлдөх уулзалт хийлээ

Дэлхийн гаалийн байгууллага /ДГБ/-ын 2024 оны “Шинэчлэлийн төлөвлөгөө”-г батлахтай холбогдуулан Ази, Номхон далайн бүс нутгийн Гишүүн орны гаалийн байгууллагын төлөөлөгчид 2023 оны 2 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд цахим хэлбэрээр хуралдаж, төлөвлөгөөнд тусгагдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хуралдааныг бүс нутгийн дэд дарга /Австралийн Хил хамгаалах алба/ даргалан, ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дэд дарга Рикардо Травиго оролцож “Гүйцэтгэл бол нөлөөллийн арга хэмжээ; ДГБ-ын Төслийн менежмент; ДГБ-ын Нарийн бичгийн даргын газрын бүтэц, зохион байгуулалт; ДГБ-ын Бүс нутгийн байгууллагууд; ДГБ-ын хүний нөөцийн менежмент; Донор байгууллагын санхүүжилтийн бодлого; Санхүүгийн тогтвортой байдал” сэдвээр товч танилцуулга хийж, төлөөлөгчид холбогдох санал, зөвлөмж өгсөн.

ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дэд дарга Рикардо Травиго хуралдааныг дүгнэж “Ази, Номхон далайн бүс нутгаас гарсан дүгнэлтийг ДГБ-ын бусад бүс нутгийн хуралдаанаас гарах үр дүнтэй нэгтгэн, тус байгууллагын “Шинэчлэлийн төлөвлөгөө-2024”-ийг нийтлэг чиглэл бүхий харилцан уялдаатай ажиллах боломж олгосон, байнга шинэчлэн өөрчлөгдөх баримт бичиг” болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хуралдаанаас гарсан үр дүнг ДГБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Гишүүн орны гаалийн байгууллагын дарга нарын 2023 оны уулзалтад танилцуулж, ажлын шугамаар нэгдсэн санал зөвлөмжийг цахим хэлбэрээр авахаар боллоо.