Монгол улсын гаалийн ерөнхий газарт оху-ын холбооны гаалийн албаны орлогч дарга в.в.ивин айлчиллаа

ОХУ-ын Холбооны гаалийн албаны орлогч дарга В.В.Ивин Монгол Улсад айлчлан ирж Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын удирдлагуудтай ажлын уулзалт хийлээ.

Уулзалтаар ОХУ-ын Монгол Улс дахь ЭСЯ-нд байнгын суух Холбооны гаалийн албаны төлөөлөгчийг албан ёсоор танилцуулахын сацуу Монгол Улсын ГЕГ-аас ОХУ-д суух төлөөлөгчийн газрыг нээхэд дэмжиж буй сонирхлоо дахин илэрхийлсэн.

Түүнчлэн худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол – Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, мөн 2021 онд ОХУ-ын Москва хотноо болсон Монгол, Оросын гаалийн байгууллагын дарга нарын уулзалтын протоколд тусгагдсан ажлуудын талаар ярилцаж хоёр талын хамтын ажиллагааны бүх асуудлын хүрээнд ахиц дэвшил гарч байгааг сайшаан тэмдэглэв.

Цаашид “Зарим нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналтын үр дүнг цахим хэлбэрээр харилцан хүлээн зөвшөөрөх тухай Протокол”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд цахим мэдээлэл солилцох ажлыг туршилтаар эхлүүлэх; Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн статусыг харилцан хүлээн зөвшөөрөх ажлыг эхлүүлэх; Монгол-Оросын хилийн боомтууд дахь гаалийн хяналтын асуудлаар хоёр талын хилийн холбоо баригч дарга нарын уулзалтыг 2023 оны эхний хагас жилд Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцов.