Гаалийн 13 үйлчилгээг цахимаар олгож, иргэдийн цагийг хэмнэж байна

Гаалийн ерөнхий газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан www.gaali.mn системийг шинэчлэн нэвтрүүлээд байна.

Энэ хүү систем нэвтэрснээр гаалийн байгууллагаас үзүүлж буй гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа, тодорхойлолт, гадаад худалдааны барааны статистик мэдээлэл, барааны ангилал, тарифын мэдээлэл болон тусгай зөвшөөрөл зэрэг нийт 30 гаруй үйлчилгээг иргэн, ААН-үүдэд цахимаар авах боломжийг бүрдүүлжээ.

Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Н.Мөнхзул “Системийг 2021 оноос нэвтрүүлээд байна. Уг системийг нэвтрүүлснээр иргэн 13, ААН 33 төрлийн гаалийн үйлчилгээг цахимаар авах  боломжийг бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар 25,5 мянган үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүд авсан байна. Энэ хэмжээгээрээ иргэдийн зардал, чирэгдэл, хугацааг хэмнэж байгаа ач холбогдолтой юм.

www.gaali.mn  системд нэвтэрч орсноор гаалийн байгууллагаас тусгай эрх авахгүйгээр иргэн, аж ахуйн нэгжүүд интернет банк болон тоон гарын үсгээр нэвтрээд гаалийн үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой. Мөн иргэд гаальд өөрийн биеэр очихгүйгээр цахимаар мэдүүлдэг болсон. Өмнө нь иргэн, аж ахуйн нэгж гаалийн зуучлагч байгууллагаар дамжуулаад төлбөр төлж  мэдүүлэг бичүүлдэг байсан бол одоо өөрсдөө энэхүү системээс экспорт, импортын гаалийн барааны мэдүүлэг, автомашин болон зорчигчийн барааны гаалийн мэдүүлгийг өөрсдөө нөхөн бичих боломжтой болсон.

Гаалийн мэдүүлгийг бичихдээ дагалдах бүх бичиг баримтуудыг цахимаар илгээнэ. Ингэснээр нүүр тулсан харилцааг багасгаж, заавал байцаагч дээр бичиг баримтыг өөрийн биеэр авч очих шаардлагагүй болж байгаа гэсэн үг. Өмнө нь лавлагаа, тодорхойлолтыг цаасаар авдаг, заавал тусгай эрх авч байгаад гаргадаг байсан бол www.gaali.mn систем нэвтэрснээр гаалийн байгууллагаас олгож байгаа “Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа”, “Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх тодорхойлолт”, “Гаалийн зөрчлийн лавлагаа” цахимаар авах боломжтой болсон.

Мөн системээс мэдээ мэдээлэл, гарын авлага, барааны ангилал, татвар тарифын мэдээлэл, чингэлэг дугаар, тээврийн хэрэгслийн дугаараар ачаа улсын хилээр ороод аль хяналтын бүс дээр байгаа эсэх мөн мэдүүлэг нь хяналтын аль шатанд явж байгааг системээс харах боломжтой.

Өөрөөр хэлбэл, www.gaali.mn-ээс иргэн 13 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг үе шаттайгаар нэвтрүүлж байна. Жишээлбэл, Гаалийн лабораторид магадлан шинжилгээ хийх хүсэлт, улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн бүртгүүлэх хүсэлтийг цахим болгосон нь иргэд, ААН-үүдэд чирэгдэлгүй, нүүр тулсан харилцаа үүсэхгүй байх давуу талтай болсон” гэв.