ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал ОУВС-гийн зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Төсвийн орлогын газрын зөвлөх багийн гишүүд болох ОУВС-ийн ахлах эдийн засагч Тадацүгү Тони Мацүдайра болон Азийн гаалийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийн удирдагч Стивен Кокс нартай 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар “ОУВС-ийн Төсвийн асуудал эрхэлсэн газрын Азийн гаалийн байгууллагын шинэчлэлийн төсөл, хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрөгч хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудыг ярилцахын зэрэгцээ 2023 онд хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлсон юм.

Мөн Монголын гаалийн зүгээс цаашид гаалийн байгууллагын шинэчлэлийг хөгжүүлэх, гаалийн бүрдүүлэлтэд нүүр тулсан харилцааг бууруулах, эрсдэлд суурилсан гаалийн хяналтыг бүрдүүлэлтийн дараах шатанд түлхүү хийх, байгууллагын эрсдэл, түүний дотоод аюулгүй байдлыг хангах, дата аналитик чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа тодотгон илэрхийллээ.