Гаалийн бүрдүүлэлт

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.

 Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай явагдана:

        1.      Мэдүүлэх,

        2.      Гаалийн бичиг баримтыг шалгах,

        3.      Бараа, тээврийн хэрэгслийг шалгах,

        4.      Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах,

        5.      Эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх.

 “Мэдүүлэх” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаархи шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу бичиж, холбогдох бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгөхийг ойлгоно.

 

Гаалийн үнэ гэж юу вэ?

Гаалийн үнэ гэж гаалийн татвар ногдуулах, гаалийн статистик мэдээ гаргах зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу тодорхойлсон үнийг хэлнэ.

Импорт: 

– ДХБ-ын ТХЕХ-ийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр буюу “үнэлгээний хэлэлцээр”
– Гаалийн тариф, гаалийн татварын тухай Монгол улсын хууль

-ГЕГ-ын 2012 оны 02 сарын 29 өдрийн А/30 дугаар тушаалаар батлагдсан “Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар”

Импортын барааны гаалийн үнийг тодорхойлох арга: /ГТГТТХ/

ГТГТТХ-ийн импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь аргуудыг дор дурдсан дарааллын дагуу хэрэглэнэ:

– хэлцлийн үнийн арга;

-нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга;

-ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга;

-ялгаварт үнийн арга;

-нийлбэр үнийн арга;

                       -уялдуулан хэрэглэх үнийн арга.

Мэдүүлэгчийн хүсэлтээр ялгаварт үнийн арга, нийлбэр үнийн  аргын дарааллыг сольж хэрэглэж болно.

Экспорт:

– Гаалийн тариф, гаалийн татварын тухай  хууль,
– МУГЕГ-ын даргын 2001 оны 646 дугаар тушаалаар батлагдсан “Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргачлал”,

Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох арга /ГТГТТХ/

Экспортын барааны гаалийн үнэ нь Монгол Улсын хилийн өртөө хүртэл бараа нийлүүлэх нөхцөлөөр тодорхойлогдоно.

Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь аргыг дор дурдсан дарааллын дагуу хэрэглэнэ:

-хэлцлийн үнийн арга;

-зардлаас тооцох үнийн арга;

-нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга;

-зах зээлийн мэдээлэл, судалгааны арга.

Гаалийн үнийг тодорхойлж мэдүүлэх /ГТГТТХ/

Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлэх ба ингэхдээ дурын, эсхүл зохиомол үнэ хэрэглэхийг хориглоно.

Мэдүүлэгч нь өөрийнхөө сонгосон гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг тодорхойлсон бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй. Бичиг баримт нь бодитой мэдээлэл дээр үндэслэгдсэн, тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн байвал зохино.

Гаалийн үнийг шалгах /ГТГТТХ/

8.1.Гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана.

8.2.Мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт нь гаалийн үнийг шалгаж, шийдвэр гаргахад хангалтгүй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авч болно.

8.3.Гаалийн байгууллага нь дараахь тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно:

8.3.1.гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол;

8.3.2.мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн бол.

8.4.Энэ хуулийн 8.3-т заасан тохиолдолд гаалийн байгууллагын өөр аргаар тодорхойлсон үнээс гаалийн болон бусад татварыг ногдуулж, мэдүүлэгчээр төлүүлнө.

8.5.Гаалийн байгууллага энэ хуулийн 8.3-т заасны дагуу гаалийн үнийг тодорхойлсон тохиолдолд мэдүүлэгч гаалийн байгууллагад бичгээр хүсэлт тавьж, бичгээр тайлбар гаргуулан авч болно.

8.6.Мэдүүлэгч энэ хуулийн 8.3-т заасны дагуу гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийн байгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийн мэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолд гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно.

8.7.Гаалийн байгууллага энэ хуулийн 8.6-д заасан мэдүүлэгчээс гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзвал мэдүүлэгч нь Гаалийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

8.8.Гаалийн үнийг магадлан шалгах явцад гарсан зардлыг мэдүүлэгч хариуцна.

8.9.Гаалийн бүрдүүлэлтийн горим өөрчлөгдөхөд Монгол Улсын хилээр барааг нэвтрүүлэхэд мэдүүлэгчийн сонгосон анхны горимд байршуулсан гаалийн мэдүүлгээр тодорхойлсон үнэ өөрчлөгдөхгүй.